Үнэтэй мэдээ

БУСДЫН ҮХЛИЙГ УРЬДЧИЛАН ХЭЛДЭГ БАЙСАН МЭРГЭН ЖААЛ ӨӨРИЙНХӨӨ ТӨГСГӨЛИЙГ МЭДСЭН ҮҮ…АРАВХАН НАСТАЙД НЬ ТҮҮНИЙГ АВЧ ЯВЖЭЭ

2026.09.19 764 үзэлт
БУСДЫН ҮХЛИЙГ УРЬДЧИЛАН ХЭЛДЭГ БАЙСАН МЭРГЭН ЖААЛ ӨӨРИЙНХӨӨ ТӨГСГӨЛИЙГ МЭДСЭН ҮҮ…АРАВХАН НАСТАЙД НЬ ТҮҮНИЙГ АВЧ ЯВЖЭЭ
Өмнөдэлгэрийн хөгшчүүл нэг жаалын тухай ярихдаа одоо ч нэрийг нь шууд хэлэхээсээ өмнө хэсэг дуугүй суудаг гэдэг. Тэр хүүхэд бусдын адил хурга ишигтэй ноцолдож, саваа мод унан давхидаг мөртлөө хааяа тоглож байснаа гэнэт больж, алсад байгаа ямар нэг юмыг харж байгаа мэт нэг цэг рүү удаан ширтдэг байжээ.

Эхэндээ хүмүүс “Хүүхдийн амны хишиг юм байлгүй дээ” гээд инээгээд өнгөрдөг байсан ч хэлсэн зүйл нь нэг биш, хоёр биш удаа яг таараад эхлэхэд Содномын гадаа танихгүй хүмүүсийн морь уяатай хонодог болов. Тэр жаалыг Цэрэнпунцаг гэдэг байсан бөгөөд хэдхэн жилийн дараа Хэнтий даяар түүнийг өөр нэрээр, Мэргэн жаал хэмээн мэддэг болсон юм.

Цэрэнпунцаг 1936 онд Хэнтийн Баян-Адаргын нутагт Дашцэрэнгийн хүү болон төрсөн бөгөөд төрсөн эх Норовлхам нь хараагүй, эцэг нь ч нэг нүдний хараа муутай, амьдрал тааруу айл байжээ. Нялх хүүхэдтэйгээ хэдэн жилийг арайхийн өнгөрөөсөн хоёр эцэст нь хүүгээ өөрсдөөсөө илүү боломжтой айлд өсгөхөөс өөр аргагүй гэж шийдэж, Өмнөдэлгэрийн Содномынд өгсөн гэдэг.

Содномынх Хөгнө, Шанага, Дундбаян, Шар талын хооронд малын ая даган нүүдэллэдэг жирийн малчин айл тул Цэрэнпунцаг ч хонь хурга, аргамжаа чөдөр, тогоотой сүүтэй цайны дунд бусад хүүхдийн адил өсөж эхэлжээ. Гагцхүү хоёр гурван нас хүрмэгцээ чулуу, шавар, элс түүж жижиг овоо босгоод “Энэ суварга, энэ сүм, энэ бурхны орон” гэж өөрөө өөртэйгөө ярьдаг нь гэрийнхнийх нь санаанд нэг л сонин үлдсэн байна.

Нэг өглөө Содном хүүгийн өрсөн чулууг санамсаргүй өшиглөж нураачихаад “За, энэ хогоо гэрийн үүднээс холдуулаарай” гэхэд Цэрэнпунцаг уйлж уурласангүй, харин чулуугаа нэг нэгээр нь түүж аваад өөр газар дахин өржээ.

Орой нь Содном адуундаа явахаар гарахад хүү араас нь “Ааваа, баруун жалгаар битгий яваарай, морь бүдэрнэ” гэхэд Содном “За за, чи одоо намайг хүртэл заадаг болж байна уу” гээд инээгээд гарсан гэдэг. Тэр өдөр үнэхээр баруун жалганы мөстэй хэсэгт морь нь хальтарч, Содном арайхийн тогтож үлдсэн ч үүнийг хүүгийн хэлсэнтэй холбож бодсонгүй. Харин хэдхэн хоногийн дараа тэднийд ирсэн танихгүй адуучин Цэрэнпунцагийг тоглож байхыг хараад наргиа болгон нэг юм асууснаар бүх зүйл өөрчлөгджээ.

“За, мэргэн жаал юм бол миний адууг хаана байгааг хэлээдэх” гэж өнөөх эр инээхэд Цэрэнпунцаг толгойгоо ч өргөлгүй чулуугаараа тоглосоор суув. Адуучин дахин асуухад хүү сая нэг гараараа алсын уул заагаад “Тэрний цаад аманд байна, гол руу буухаас нь өмнө оч” гэжээ. Эр “За, олчихвол чамд боов авчирна аа” гээд мордсон боловч үдэш нар шингэхийн алдад адуугаа туусаар эргэж ирээд гэрт орохдоо түрүүнийх шигээ инээсэнгүй.

Тэр орой Содномд аяархан “Хүү чинь яг газрыг нь хэлчихлээ шүү, би тэр уулын цаагуур ерөөсөө хайгаагүй байсан юм” гэж хэлсэн нь Цэрэнпунцагийн тухай анхны яриаг нутгаар тараасан гэдэг.

Тэр цагаас хойш алдсан хоньтой хүн, сураггүй адуутай хүн, оройтож яваа хүүхдээ хүлээсэн эх хүртэл Содномынд бууж хүүгээс ганц үг сонсохыг хүсдэг болов. Цэрэнпунцаг хүн бүрт сүртэй юм хэлдэггүй, заримд нь “Мэдэхгүй” гээд гүйчихнэ, заримд нь ааруул хүлхэж сууснаа “Усны тэнд байна”, “Маргааш ирнэ” гэх төдий хариулдаг байжээ.

Нэг удаа Содном “Хүү минь, чи энэ хүмүүсийн асуусан юмыг яаж мэдээд байдаг юм?” гэхэд хүү “Би мэдэхгүй ээ, надад харагдаад байдаг юм” гэж хэнэггүй хэлээд аяган дахь өрмөө хуруугаараа хамчихсан гэдэг. Содном тэр үгийг сонсоод хэсэг харж сууснаа “За тэгвэл харагдсан болгоноо хамаагүй хэлээд байж болохгүй шүү” гэж анх удаа хүүдээ сануулсан байна.

1938 онд Содномын том хүү Дамдинсүрэн цэрэгт явж, гэрийнхэн нь хааяа нэг сураг сонсохоос өөрөөр хаана юу…

Төлбөртэй нийтлэл

Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.

₮2,500